Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2016.09.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.3.5, 32.3.7 дахь заалтад заасан журмын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул иргэний нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгчид шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргахаас гадна хяналтын журмаар гомдол гаргах эрх олгох асуудлыг зохицуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь дэмжсэн юм.
Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.3.5, 32.3.7 дахь заалтад заасан журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох хэсгээс барьцаалагчийн эрхэд халдсан “Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн өгүүлбэрийг хасахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Байнгын хорооны энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь дэмжив.
Мөн нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хуулийн зохицуулалтыг буцаан сэргээх үүднээс Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.9 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нар танилцуулсан юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлиийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын дээд шүүхээс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон заавар, журмуудыг батлан хэрэгжүүлж байна. Мөн төрөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрлуулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхамууд хийгдсэн. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Тухайлбал, 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30.4 хувиар өссөн бол 2010-2016 оны эхний 8 сарын байдлаар тус гэмт хэргийн улмаас 95 хүн амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудын судалгаа харуулж байна гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Хуулийн хэрэгжилтийн үр дүнгүй байдал нь зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх нь чухал байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцоллоо.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, З.Нарантуяа, М.Оюунчимэг нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь дэмжив.
Дараа нь “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав. Тус байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар санал хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.4 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.