Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан /2016.09.09/ 55.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу УИХ-ын даргаас төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул холбогдох санал хураалт явуулав. Дээрх тогтоолын төсөлд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахдаа ажил олгогчоос олгох нэг удаагийн тэтгэмжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ хэрэгжих хугацааг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас эхлэн хэрэгжүүлэхээр тооцох” гэсэн өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.