Цэс

Холбоо барих

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИУДЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ДАГАЛДАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААРХ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

ГАЗРЫН ТУХАЙ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ, ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛИУДЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ, ГАЗАР АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ТЭДГЭЭРИЙГ ДАГАЛДАН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН 16 ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААРХ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ



2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын

гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,



Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдан өргөн мэдүүлсэн Тусгай хамгалаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж байна.

Газрын харилцааг зохицуулж буй хуулиудыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа газар өмчлөх, эзэмших, ашиглах харилцаатай холбоотой зөрчил, дутагдлыг арилгах, газрыг үр ашигтай төлөвлөх, зах зээлийн нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох замаар бүхэлд нь шинэчлэн найруулах болон нэмэлт өөрчлөлт оруулж, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, нийгмийн зайлшгүй шаардлагад үндэслэн газрыг чөлөөлөх зэрэг асуудлуудыг зохицуулах зорилгоор санаачлагч нь дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү тухайн эзэмшиж, ашиглаж байгаа газар дээрээ ногоон байгууламж байгуулсан иргэд, аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж Газрын үндэсний хорооны чиг үүрэг дэндүү өндөр, төрийн захиргааны төв байгууллагын асуудлыг хэрэгжүүлэхээр заасан байгааг анхаарах, газрыг чөлөөлөх шийдэл нь зөв боловч өмчийн харилцааг хөндсөн асуудал тул болгоомжтой хандах, ашигт малтмал олборлож байгаа газрын төлбөрийг ашигт малтмалын борлуулалтын орлоготой холбогдуулан авахаар тусгасан нь зарчмын хувьд буруу, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нүүдлийн соёл иргэншил алдагдах талтай тул тухайн бэлчээрийг эзэмшүүлэх нь буруу, газрыг албадан чөлөөлөх асуудал иргэний өмчийн харилцааг хөндөж байгаа тул Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зөв, Газрын төлбөрийн тухай хууль батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжид ямар дарамт ирэхийг тооцоолох, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Газрын тухай багц хуулийн төслийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Газар албадан чөлөөлөх тухай гэсэн нэрийг нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхлын төлөө газрыг чөлөөлөх тухай гэж өөрчлөн ямар нөхцөлд албадлага хэрэглэх талаар дотор нь зааж өгөх, бэлчээрийг эзэмшүүлэх асуудлаар ард иргэдийн дунд санал асуулга явуулах, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан иргэдийн өмчийн газрыг чөлөөлөх тохиолдолд газрыг нь мөнгө, орон сууц, эсвэл өөр газраар солих гэж тодорхой зааж өгөх, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Газрын тухай хууль бол нийгэм эдийн засгийн бүх асуудалтай холбоотой гол суурь хууль тул яаралгүй, олон талаас нь нухацтай хэлэлцэх, бэлчээрийн газрын асуудалд нухацтай хандаж зарчмын шинжтэй гол асуудлуудыг тодорхой тусгах, Газрын тухай хуулийн төслийг эхэлж хэлэлцсэний дараа бусад төслүүдийг хэлэлцэх, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл эдийн засгийн маргааныг зөвхөн шүүхээр бус өөр бусад аргаар шийдвэрлэх механизмыг тусгах зэрэг саналууд гаргасан болно.

Газрын тухай багц хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Анхны хэлэлцүүлгийн шатнаас Газрын тухай хуулийн төслийг эхлэн хэлэлцэж, дараа нь бусад төслүүдээ хэлэлцэх боломжтой бөгөөд Газрын төлбөрийн тухай, Газар албадан чөлөөлөх тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг эрхлэх асуудлын хурээнд зохих Байнгын хороод хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдан өргөн мэдүүлсэн 16 хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.





БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС,

ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                         Г.БАЯРСАЙХАН


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл