Цэс

Холбоо барих

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 01 дүгээр сарын 29ий өдөр                                                                                           Улаанбаатар хот

                                                                                                     

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн  Р.Гончигдорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 28ы өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 29ий өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хууль санаачлагч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тодорхой цаг хугацаа бүхий шилжилтийн арга хэмжээнүүд, тухайлбал нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хуульчийн гэрчилгээгээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцуулах, үргэлжилсэн сургалт ба мэргэжлийн дадлагын хугацаааг үргэлжлүүлэн тооцох, Хуульчдын холбоог анхлан зохион байгуулахтай холбоотой арга хэмжээ, хуульчийн шалгалт ба хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлэх, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг шилжүүлэн тооцохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                 Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл