Цэс

Холбоо барих

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч: Улсын Их Хурлын гишүүн
Р.Гончигдорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус Байнгын хороо 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн 4.1 дэх хэсэгт заасан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хуульч сонгон шалгаруулахдаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмыг дагаж мөрдөх, мөн Хуульчдын анхдугаар их хурал нийт 500 хүртэл хуульчийн төлөөлөлтэй байхаар төсөлд тусгасан.

Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган найруулгын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг Та бүхэнд тараасан болно.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                  Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл