Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 06 дахь дугаарын тойм

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс чөлөөлөх, гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Уул уурхайн хөгжлийн бодлого тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Уул уурхайн хөгжлийн түр хороог байгуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Эмхэтгэлд, Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт бүрэн эхээр нь нийтлэв.Энэ хөтөлбөр боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хөтөлбөрийн зорилго, зорилт, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилтийн эх үүсвэр, хүрэх үр дүнтэй энэ тогтоолын хавсралтаас танилцах боломжтой юм. Түүнээс гадна Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай, Гадаадаас 2013 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ. Энэ тогтоолын хавсралтаар байгууллага, аж ахуйн нэгжийн 2013 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг тогтоож өгсөн байна. Харин энэ тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоожээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2013 оны 2 дугаар сарын 8
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл