Цэс

Холбоо барих

“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ: МОНГОЛ ДАХЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгийн санаачилсан Аюулгүй байдлын салбарын шинэчлэл: Монгол дахь нөхцөл байдал, олон улсын туршлага сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Дугуй ширээний ярилцлагад Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Др.Филип Флюри, Женевийн төвийн Шинээр тусгаар тогтносон орнуудын хөтөлбөрийн дэд ахлагч Иден Коул нар Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгийн урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.

 

Байнгын хорооны дарга Ц.Цолмон дугуй ширээний ярилцлагыг нээж үг хэлсэн ба Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат  нар хэлэлцүүлж буй асуудлаар үг хэлж оролцсоноос гадна Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан “Батлан хамгаалах салбарын шинэчлэл, иргэний хяналт”, Үндэсний Тагнуулын академийн захирал, доктор профессор, хурандаа А.Түвшинтөгс “Ардчилсан нийгэм дэх тагнуулын байгууллагын шинэчлэл: Монголын туршлага, сургамж, цаашид авах арга хэмжээ”, Др.Филип Флюри “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл: олон улсын туршлага” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Дугуй ширээний ярилцлагад аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөгчид оролцож, үг хэлсэн хүмүүс болон илтгэгчдээс асуулт асуун санал бодлоо илэрхийлж эдгээр байгууллагууд хоорондоо хэрхэн уялдаж ажиллах, яаж аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэвшил гаргах, хамгийн чухал нь яаж ардчилсан нийгэмд зохицсон аюулгүй байдлын салбартай болох вэ гэдэг асуудлуудаар ярилцан цаашид энэ чиглэлд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Мэдээ бэлтгэсэн:

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл