Цэс

Холбоо барих

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС 2012 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 2013. 2. 7

Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа 29 цаг 30 минут хуралдаж, давхардсан тоогоор нийт 60  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 34, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 24, тайлан, мэдээлэл тус бүр 1-ийг хэлэлцэж, 35 санал, дүгнэлт гаргалаа.

Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан талаар:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2012 оны намрын чуулганы хугацаанд  дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлж батлуулав.Үүнд:

а/ батлагдсан хууль, тогтоолууд:

1.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Су.Батболд, Н.Батцэрэг, Р.Бурмаа нараас 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,  /Р.Бурмаа, А.Бакей, Н.Батцэрэг, Л.Цог, С.Даваасүрэн нарын Улсын Их Хурлын гишүүдээс 2012.12.11-ний өдөр мэдүүлсэн/;

3.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2012.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

4.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

5.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /С.Баярцогт, Н.Батцэрэг нарын Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн/;

 

6.“Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7.Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл

8.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргыг чөлөөлөх, нарийн бичгийн даргыг томилох, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай;

9.“Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

10.Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай;

11.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай;

12.Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох, Төрийн албаны зөвлөлийн олон тооны гишүүдийг чөлөөлөх, томилох тухай;

13.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг; 

14.”Уул уурхайн хөгжил“ Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;        

15.Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн саналын тухай;  

17.Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлт;

б/Байнгын хорооны хурлаар хэлэлцэгдсэн, хэлэлцүүлгийн шатанд                         байгаа төслүүд:

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Н.Энхболд нарын Улсын Их Хурлын 5 гишүүнээс 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

 

2.Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт нарын 10 гишүүнээс 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн/;                  

          3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндоржоос 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

         4.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /С.Бямбацогт нарын Улсын Их Хурлын 7 гишүүнээс 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

          5.Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Су.Батболд нарын Улсын Их Хурлын 8 гишүүнээс 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Ганхуяг нараас өргөн мэдүүлсэн/, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн явцад төсөл санаачлагчид татан авсан болно.

Байнгын хорооны хуралдаанаар “Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай”, “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дүрэм батлах тухай”, “Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай”, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд, 2013 онд болон намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

                                    Хяналт шалгалтын ажлын талаар:

Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангуулах болон хяналт шалгалтын чиглэлээр дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

1.Байнгын хорооны 2012 оны 10 дугаар сарын  09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулав. Байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Л.Энх-Амгалан нар  Олон нийтийн радио, телевиз дээр ажиллаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал, дүгнэлтээ гаргав.

2.Зарим аймгийн Засаг даргын томилгооны тухай асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн мэдээллийг 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

3.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авч, цахим үнэмлэхний хэвлэлт, тараалтын байдал, сонгогчийн нэрсийн жагсаалттай Улсын Их Хурлын зарим гишүүд газар дээр нь очиж танилцав.

4.Төрийн байгуулалтын байнгын хороо Зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт Улсын Их Хурлын болон Нийслэл, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн байдалд  шинжилгээ хийлгэж, санал дүгнэлт, зөвлөмж гаргуулав.

5.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2012 оны төсвийн төлөвлөлт, түүний  гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавих, санал дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж байна. 

                                   Бусад ажлын талаар:

Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дараах сонсгол, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгууллаа.Үүнд:

1.Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа, цаашид боловсронгуй болгох арга зам” хэлэлцүүлгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Олон улсын зарим байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов. ”Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа, цаашид боловсронгуй болгох арга зам” сэдвээр Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж мэдээлэл хийж, хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг Улсын Их Хурлын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсэгт уламжлахаар тогтлоо.

2.Төрийн байгуулалтын байнгын хороо, Хэвлэлийн хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбоотой хамтран 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж  судлаач, сэтгүүлч, сурвалжлагч 60 орчим хүн оролцлоо. Хэвлэлийн хүрээлэнгийн багш, судлаач Ц.Чимидцэрэн ”Редакцийн хараат бус байдал”, Парламентын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Д.Оюунцэцэг “Сэтгүүлчийн хараат бус байдал”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага, ёс зүй” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж, хуулийн төслийн талаар оролцогчид саналаа хэллээ. 

3.Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, “Глоб интернейшнл” төрийн бус байгууллагатай хамтран “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” хэлэлцүүлгийг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Иргэний танхимд зохион байгуулав.

4.2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн талаар шууд нэвтрүүлэг хийж,  хууль санаачлагч болон Улсын Их Хурлын гишүүд, Хэвлэлийн хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Парламентын сэтгүүлчдийн холбоо, сэтгүүлч, судлаачид оролцож, саналаа ярилаа.

5.Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.
          Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээж, улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн санхүүжилт ба намын хөгжлийн чиг хандлага”, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн зөвлөх Биярта Тора “Улс төрийн сангийн олон улсын туршлага”, тус хүрээлэнгийн Улс төрийн нам ба парламентын асуудал хариуцсан хөтөлбөрийн дарга Сайм Ван Дер Стаак “Улс төрийн намын санхүүжилтийн үндсэн хэсгүүд”, Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа “Улс төрийн сангийн санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжит хувилбар” гэсэн илтгэлийг тус тус тавьж хэлэлцүүлэв.

Улс төрийн намын үйл ажиллагааг шинээр тодорхойлох, намыг төрөөс санхүүжүүлэх, сан байгуулж түүгээрээ дамжуулан иргэд, сонгогчдод улс төрийн боловсрол олгох, улс төрчдийг бэлтгэх намуудыг төлөвшүүлэх  зэрэг саналууд гарлаа.

6.Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ийн сонгуулийн төслийн багтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх асуудлаар аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг зохион байгуулж Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Р.Бурмаа, Р.Гончигдорж нар оролцов.

7.“Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хууль”-ийг сурталчлах хуваарь гаргаж Байнгын хорооны гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр болон сонгогчидтойгоо уулзаж, тайлбарлаж, сурталчлах ажлыг зохион байгууллаа.

       Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 54 албан бичиг, иргэдээс 12 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 60 албан бичиг явуулав.

Тайлангийн хугацаанд хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 21 удаа хуралдаж, 208 хуудас тэмдэглэл гаргаж, ажлын хэсгийн санал, дүгнэлтүүд гаргаж ажиллав. Байнгын хорооноос сүлжээнд нийт 128 материал тавьсны дээр хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын 26 хувийн хэргийг бүрдүүлэн архивт шилжүүлсэн болно.

 

                ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.