2013.02.06
Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо нийт 15 удаа, 35 цаг, 55.0-80.5 хувийн ирцтэй хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд нийт 26 хууль, Улсын Их Хурлын тогтоол, бусад 5 асуудлыг хэлэлцэж, нийт 14 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоолыг нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Хууль зүйн байнгын хороо нийт 22 санал, дүгнэлт, танилцуулга, 30 саналын томъёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
ХЗБХ бие даасан 4 хуулийн төсөл, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 7 хуулийн төсөл, хүчингүй болсонд тооцох тухай 3 хуулийн төслийг тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Үүнд:
1.Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хууль /2013.01.24/;
2.Хаягжуулалтын тухай хууль /2013.02.07/;
3.Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2013.01.17/;
4.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2013.02.08/;
5.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /2013.02.07/;
6.Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2013.01.17/;
7.Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2013.01.17/;
8.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2013.01.17/;
9.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2013.01.17/;
10.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2013.01.17/;
11.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /2013.01.17/;
12.Шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль /2013.01.24/;
13.Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль /2013.01.24/;
14.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль /2013.01.24/.
ХЗБХ Улсын Их Хурлын 5 тогтоолын төслийг хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Үүнд:
1.Зарим хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр тогтоол;
2.Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2013 оны 09 дүгээр тогтоол;
3.Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 12 дугаар тогтоол;
4.Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоол;
5.Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2013 оны 14 дүгээр тогтоол.
Байнгын хорооны хуралдаанаар бусад 5 асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
1.Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай асуудал. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. /Нэр дэвшигч Х.Сонинбаяр, Х.Батсүрэн нар/
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хариуцлагын талаарх 19 дүгээр зүйлийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.
5.Тус Байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн.
Байнгын хорооны тогтоол, ажлын хэсгийн талаар
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хянан шалгах үүрэг бүхий 3 ажлын хэсэг, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 5 ажлын хэсгийг тус Байнгын хорооны тогтоолоор байгуулж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 11 дэх илтгэлийг хэлэлцсэн тухай тус Байнгын хорооны тогтоолыг Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Тус Байнгын хороо нийт 8 тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсэг нийт 15 удаа, 47.30 цаг хуралдсан. Тухайлбал,
1/Хянан шалгах үйл ажиллагааны талаар
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13/10 дугаар зөвлөмжид заасан Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудлыг цогцоор нь хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хуралд даалгасны дагуу Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох мэдээлэл болон тус Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэсэгт тухай бүр танилцуулсан.
Хууль зүйн яам, түүний харьяа агентлагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцах үүрэг бүхий тус Байнгын хорооны 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, бусад хорих ангиудын үйл ажиллагаатай танилцсан.
Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар болон холбогдох хууль эрх зүйн хүрээнд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий тус Байнгын хорооны 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Авлигатай тэмцэх газрын бүтэц, зохион байгуулалт, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, нийтэд мэдээлэх, хянан шалгах үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх газар нь прокурор, цагдаа, бусад байгууллагатай эрх зүйн хүрээнд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагаатай тус тус танилцсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа болон холбогдох хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай танилцах үүрэг бүхий тус Байнгын хорооны 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, бүх шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлын хэрэгжилт, шүүхийн захиргааны алба хаагчдын хуульд заасан баталгааны хэрэгжилт, иргэн, захиргааны хавтаст хэргийн архивын хадгалалт, хамгаалалтын байдал, Улсын Их Хурлаас 2012 онд баталсан Шүүхийн тухай багц хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцтай тус тус танилцсан.
2/Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн
хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх
бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль
зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 05/08 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдсан.
Монгол Улсын Их Хуралд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдсан.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, С.Баярцогт, Д.Ганбат, Л.Цог, Х.Тэмүүжин нараас 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 02 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдсан.
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хаягжуулалтын тухай хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны талаар
Хүний эрхийн дэд хороо Хүний эрхийн Үндэсний Комиссын 11 дэх илтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан.
Хүний эрхийн дэд хороо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулсан.
Хүний эрхийн дэд хорооны гишүүд 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, бусад хорих ангиудын үйл ажиллагаатай танилцсан.
Нээлттэй хэлэлцүүлэг хийх, хууль сурталчлах талаар
Хууль зүйн байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт Монголд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Дэлхийн 45 орны парламентын 700 гаруй гишүүнтэй Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага (GOPAC)-ын Монгол дахь салбар бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа тус хэлэлцүүлгийг удирдаж, хэлэлцүүлэгт Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЭҮК, Хууль зүйн яам зэрэг төрийн байгууллагууд болон Глоб интернэшнл, Нээлттэй нийгэм форум зэрэг төрийн бус байгууллага, олон улсын зарим байгууллага, хууль сахиулах болон судалгаа шинжилгээний байгууллагуудын өргөн төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлж, хэлэлцүүлэгт оролцогчид “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт: Монгол Улсад гарсан дэвшил ба тулгарч буй асуудлууд”, “Авлигын эсрэг НҮБ-ын конвенци ба түүний хяналтын механизм: Ерөнхий тойм ба хандлага”, “Гадаадад хулгайлагдсан хөрөнгийг буцаах: Тулгарч буй асуудал ба ололт амжилт” зэрэг илтгэлтэй холбогдуулан асуулт, хариулт өрнүүлсэн.
Хууль зүйн байнгын хорооны гишүүд 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Хуулийн салбарын шинэчлэл” чуулга уулзалтад оролцсон.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх, Дэд ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн зөвлөлийн дарга Б.Ганбаатар болон Удирдах зөвлөлийн бусад гишүүдийг 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар саналаа солилцож, шинээр боловсруулж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөлд өмгөөлөгчид аль болох идэвхтэй оролцохыг чухалчилсан.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, О.Баасанхүү нар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцсан. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцсаны үндсэн дээр 2013 онд орон нутгийн удирдлагуудын төсвийн эрх мэдэл 2,3 дахин өсөх хандлагатай байгаа бөгөөд мөн оноос хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг авч эхлэх тул холбогдох мэдээллийг орон нутгийн удирдлагууд, иргэдэд хүргэх тал дээр анхаарч ажиллах, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг даалгасан.
Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, АНУ-ын Элчин сайдын яам болон “Олон Улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ” байгууллагууд хамтран “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвт хэлэлцүүлгийг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж үг хэлж, хэлэлцүүлэгт оролцогчид Эрүүгийн хуульд заасан гүтгэх, доромжлох зүйл ангийг өөрчилж, иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулах талаар санал бодлоо солилцсон.
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулж, НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн “Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг”-ийн зөвлөмжүүд, түүний хэрэгжилтийн талаарх асуудлыг хэлэлцсэн. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн зөвлөмж, түүний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээлэл хийж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-ын тэргүүн Л.Эрдэнэчулуун болон уулзалтад оролцогчид санал бодлоо харилцан солилцсон.
Хууль зүйн байнгын хорооны бусад үйл ажиллагааны талаар
2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат нар Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилогдон Төрийн ордонд тангараг өргөсөн Пүрэвийн Оюунчимэг, Нанзадын Ганбаяр нарт баяр хүргэж, үг хэлсэн.
Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд нийт 8 хууль, Улсын Их Хурлын тогтоол, 6 асуудлын талаар хуулийн лавлагаа, харьцуулсан судалгаа, бусад нэмэлт мэдээлэл боловсруулсан. Хууль зүйн байнгын хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн 34 албан бичиг, 10 өргөдөл, хүсэлт, саналыг тухай бүр шийдвэрлэж, 20 албан бичгийг холбогдох байгууллага, иргэдэд илгээсэн. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт, бусад мэдээллийн талаарх 63 файлыг гадаад болон дотоод сүлжээнд, 49 файлыг ipad-д тус тус байршуулсан. Хууль зүйн байнгын хорооны ажлын алба нийт 25 хууль, тогтоолын хувийн хэргийг бүрдүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын архивт шилжүүлсэн.
Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын талаар нийт 34 мэдээ, мэдээллийг хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд тухай бүр өгсөн.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА