Цэс

Холбоо барих

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Р.Гончигдорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Хуульчдын анхдугаар их хурлын хуульчийн төлөөллийг нийт 500 хүртэл гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж төслийн 4.1-д заасан хугацаанд хуульч сонгон шалгаруулахдаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмыг дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн.

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульч бэлтгэх системийг шинэчилж байгаатай холбогдуулан мэргэжлээрээ бакалаврын сургалтыг дүүргэсэн төгсөгчийг хууль зүйн сургуульд элсүүлэх тухай харилцааг зохицуулсан холбогдох хуулийн төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж байсан болно.

Байнгын хорооны хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж гарсан саналыг хэлэлцэн санал хураалт явуулж, олонхийн санал авсан эсэхээр нь бүлэглэн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар Та бүхэнд тараасан болно.


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                       Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл