Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Ж.Батзандан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн байна.
Улсын Их Хурлын үйл ажиллагааг ил тод, нээлттэй олон нийтийн санаа бодолд үндэслэгдсэн эрх зүйн орчинтой болгох зорилгоор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын санал хураалтыг ажлын нэг өдөр буюу Баасан гарагт, тогтмол цагт явуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр уг хуулийн төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах; Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж санал хураах цагийг тодорхой зарладаг байх; Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, С.Бямбацогт нар санал өгөх ажлыг хайрцаглахгүйгээр гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ өгөх; Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд хэт хялбаршуулж биш уламжлалтайгаа хослуулан энэ асуудлыг шийдвэрлэх; Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг уг асуудлыг сайтар судалж шийдвэрлэх шаардлагатай гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                        А. БАКЕЙ


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл