Цэс

Холбоо барих

“УУЛ УУРХАЙН ХӨГЖИЛ” ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 01 дүгээр                                                                             Улаанбаатар хот

сарын 29ий өдөр

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн

Д.Бат-Эрдэнэ

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

“Уул уурхайн хөгжил” Түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2013 оны 01 дугаар сарын 24ий өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 29ий өдрийн хуралдаанаараа энэхүү тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.  

           

            Байнгын хорооны хуралдаан дээр тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Уул уурхайн хөгжил” Түр хороо байгуулсан жишгээр цаашид олон Түр хороо байгуулах чиглэл рүү явчих бий гэдгийг сайтар бодож шийдвэрлэх;  Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, С.Ганбаатар нар  Түр хороо байгуулсаныхаа дараа  бүрэлдэхүүнийг нь ярих хэрэгтэй;  Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар Түр хороог Улсын Их Хурлын үйл ажиллагаанд тус болох зорилгоор байгуулах гэж байгаа, уул уурхай, ашигт малтмалын талаар олны дунд хэлэлцүүлэг өрнөж байгаад бид анхаарлаа хандуулж, ойлголцох боломжтой болно; Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Х.Болорчулуун нар Түр хорооноос ашигт малтмалын олборлолт, ашиглалт төдийгүй байгаль орчныг хамгаалах, ялангуяа хүний эрх зөрчигддөг бичил уурхайд ажиллагсадын ажиллах нөхцөл, эрхийг хамгаалах асуудалд анхаарах; Улсын Их Хурлын гишүүн А.Бакей гишүүдийн гаргасан саналаар эхлээд Түр хороог байгуулаад дараа нь бүрэлдэхүүний асуудлыг ярих нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.  

 

“Уул уурхайн хөгжил” Түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. 

 

Төсөлтэй холбогдуулж гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасныг баримтлан энэхүү төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ.       

 

  

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

            “Уул уурхайн хөгжил” Түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

 

 

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                        А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл