2013 оны 01 дүгээр Улаанбаатар хот
сарын 29-ний өдөр
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн М.Энхболд
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгож, гишүүний сонгогчийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулж, хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг ялгаж таних төхөөрөмж ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад ашиглах биеийн давхцахгүй өгөдлийн төхөөрөмжийг худалдан авах, танхимд суурилуулахад шаардагдах зардлын асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат биеийн давхцахгүй өгөгдлийн төхөөрөмж хэзээ бэлэн болох боломжтойг судалсны үндсэн дээр хуулийг даган мөрдөж эхлэх хугацааг заах; Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, М.Энхболд нар төхөөрөмжийг ашиглаж эхлэх хугацааг хойшлуулалгүй Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулган эхлэхэд санал өгөх төхөөрөмжийг бэлэн болгосон байх; Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нэг дор олон санал хурааснаас төхөөрөмжид саатал гарсан тохиолдолд хүний эрхэд халдсан үйлдэл гарахыг үгүйсгэх аргагүй байдлыг харгалзан заавал хурууны хээ гэлгүй, гишүүн саналаа өгөх техникийн шийдлээр хангагдсан байна гэсэн агуулгатай заалтаар хуульчлах нь зүйтэй гэсэн санал хэлсэн болно.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ