Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСААС ГАДААД УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛОХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫН ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн

Б.Болор



Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад, Шведийн Вант Улсад, Бүгд Найрамдах Болгар Улсад, Бүгд Найрамдах Чех Улсад суух элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна.

Шүхэрийн Алтангэрэлийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Нархүүгийн Тулгыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Зоригийн Алтайг Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Лхамсүрэнгийн Дүгэржавыг Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Дорждамбын Зүмбэрэллхамыг Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Мөн түүнчлэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Долоонжингийн Идэвхтэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэл, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдангийн Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Ганхуяг, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэл нарыг тус тус эгүүлэн татахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсаас гадаад улсад суух элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.



АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                          Ц.ЦОЛМОН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл