Цэс

Холбоо барих

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Сү.Батболд

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Сү.Батболд, Д.Лүндээжанцан, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Н.Энхболд нар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Монгол Улсын Их Хуралд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн байна.

Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, цомхон, чадварлаг болгох, төрийн суурь үйлчилгээг хүргэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төрийн албыг улс төрөөс ангид байлгах, төрийн захиргааны шинэтгэл хийх ажлын хэсэг байгуулж, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх; Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах; Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлийн хоорондын харилцаа, статусыг тодорхой болгох; Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Төрийн албаны тухай одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах; Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболд төрийн албыг тогтвортой байлгах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                     А. БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл