Цэс

Холбоо барих

Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН YНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛСЭН АСУУДЛААР ГАРГАСАН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДYГНЭЛТ

2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ж.Батзандан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Олон Нийтийн радио, телевизийн тухай хуулийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох тухай 21 дүгээр зүйлийн 21.9.-т “Нэр дэвшсэн хүнийг Улсын Их Хурал Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилоогүй бол нэр дэвшүүлсэн байгууллага, албан тушаалтан өөр хүний нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж байна.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад хандан тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хуралд ирүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах ажлыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж, ирүүлсэн саналуудыг нэгтгэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж ажиллав.

Улсын Их Хуралд төрийн бус 3 байгууллагаас 3 хүнийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал ирүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх санал болгосон хүмүүсээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхийг нь гишүүдийн бичгээр өгсөн саналаар шийдвэрлэсэн бөгөөд хамгийн олон санал авсан Шагдарын Батцэцэгийг Улсын Их Хурлаас нэрийг нь дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                               А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл