ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР
Монгол Улсын Засгийн газар, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооноос зарласан уралдаанд шалгарсан архитекторч М.Цэлмэг, уран барималч Я.Болд нарын зохиосон Их эзэн Чингис хааны хөшөө, “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ын зураг төсөл шалгарчээ.“Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор”-ыг төрийн ордонтой залгаж урд талд нь барьж байгуулах болсонтой холбогдуулан Бунхант индрийг буулгаж Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг Алтан-Өлгийд шилжүүлэн байршуулсан.
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Ч.Ганзориг захиралтай “Нийслэл өргөө” ХК ажиллаж, “Ган харш”, “Авзага трейд”, “Хүжийн гал” зэрэг компаниуд оролцсон байна.
Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний сууринд Тэмүүжиний төрсөн газар Дэлүүн болдогийн шороо, Хажуу булагийн ус Төрийн их тахилт уул Бурхан халдуны хөрс шороо, Онон, Хэрлэн мөрний ус, Хархорум хотын дурсгалт зүйлс зэргийг залсан аж.
Хөшөө баримлын эх загварыг урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Болд зохиож, Монголын урчуудын эвлэлийн холбооны уран бүтээлчдийн хамт урлан бүтээжээ.
Цогцолборын нүүр хэсэгт Их Эзэн Чингис хаан түүний үйл хэргийг дүрслэн харуулахдаа Монгол Улсыг үндэслэн байгуулагч Их Эзэн Чингис хааны хөшөөг цогцолборын төв хэсэгт, Өгөдэй хааны хөшөөг баруун хэсэгт, Монголын Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны хөшөөг зүүн хэсэгт байрлуулж, Монголын их хаадыг төлөөлсөн цогцолбор хөшөө болгон бүтээжээ.
Их Эзэн хааны хүрэл баримал нь Эзэнт гүрний их хааны сэнтийд заларч буйгаар бүтээгдсэн бөгөөд хааны дээр зөвхөн “Мөнх Хөх Тэнгэр” л оршино гэсэн утгыг илэрхийлнэ. Их Эзэн Чингис хааныг төв суудалтайгаар, гар болоод хөлийг уужим тавиун, эгэл даруухан боловч ухаалаг, ихэмсэг дүртэйгээр тэнгэрлэг эзэн хаан бэлгэдлээр үүлэн хээ, монгол угалз хээ бүхий бүс агссан байдалтай, хүч чадлын илэрхийлэл болсон барын арьс, торго дурдан тэргүүтнийг тохсон, монголчуудын өнө эртнээс хэрэглэж байсан суудалд заларч байгаа байдлаар дүрсэлсэн. Өгөдэй хааныг бодлогоширсон боловч ихэд ирэмгий, өөртөө итгэлтэй байдалтайгаар, Хубилай хааныг эрдэм ном, гүн ухааныг эрхэмлэгч цэцэн хаан байсаныг илэрхийлэх зорилгоор тухайн үед хэрэглэж байсан зарлиг, албан захидлын хэмжээс бүхий бичиг барьсан байдалтайгаар дүрсэлжээ.
Хүндэтгэлийн 45 гишгүүр бүхий шат нь Их Эзний хаан ширээнд суусан насыг илэрхийлж байгаа бөгөөд шатны 20 гишгүүрийн дор дэлхийд нэрээ дуурсгасан монголын морьт дайчдын дурсгалд зориулан Их Эзэн Чингис хааны хөшөөний зүүн өмнө талд Их Монгол улсын зүүн түмний захирагч Го ван Мухулай баруун талд нь баруун түмний захирагч хүлэг Боорчи нарын морьт хөшөөг байрлуулжээ.
Мөн баганат галерейн баруун хэсэгт “Монгол угсаатны төр улсууд”, зүүн хэсэгт “Их Монгол Улс-эзэн гүрэн” хэмээх шилэн зургийг бүтээсэн. Шилэн зургийн зохиогч зураач Н.Амгаланбаяр, үйлдвэрлэгч Д.Гантулга захиралтай “Шилэн хийц” ХХК гүйцэтгэжээ. Эдгээр зургууд нь тус бүр 18.2*7.2 м хэмжээтэй бөгөөд шилэн урлагийн орчин үеийн технологиор бүтээсэн. Ийм том хэмжээний шилэн зураг дэлхийд ч ховор ажээ.
Цогцолборын чухал бүрэлдэхүүн хэсэг нь Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний хэсэг болно. Уг өргөөний нэгдүгээр давхарт вестибюль, хоёрдугаар давхарт үзэсгэлэн гаргах баганат фойе, гуравдугаар давхарт Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхим байрлах ба Түмэн насан хээ бүхий гол хананы өмнө Монгол төрийн Есөн хөлт Их цагаан сүлд тугийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Төрийн есөн хөлт цагаан туг
Төрийн хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугийг 1991 онд монгол гэрийн буйр хэлбэртэй уран тагнай хээ бүхий цагаан эсгий тойруулсны төв хэсэгт хүндэтгэлтэйгээр засан байрлуулсан байдаг.Төрийн есөн хөлт цагаан тугийн байршилт, интерьер, суурийн ажлын зургийг архитекторч Я.Амарсайхан, тугийг СУИС-ийн багш дархан Д.Энхдаваагийн удирдлагаар дархачууд урлан бүтээжээ.Төрийн тугийг Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотын адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай, дэл сүүлний дээжээс бүрдүүлэн авч урлажээ.
Их цагаан тугны нийт өндөр нь ишний хамт З62 см, титэм /сэсэм/-ийн тойргийн голч нь 55 см, хөл тугны нийт өндөр нь ишний хамт 262 см, титмийн тойргийн голч нь 40 см байна.
Төрийн тугны оройн хэсэгт гангаар сийлсэн, жийжүүдсэн хээтэй, сэрээ хэлбэрийн гилбэр байна. Гилбэр нь өнгөрсөн, одоо, ирүүдүй цагийг билэгдэнэ. Их цагаан тугны гилбэрийн үзүүрт дээшээ дүрэлзэж байгаа галын дүрс байрлуулсан нь Монгол Улс үүрд мандан бадарч байхыг билэгддэг бөгөөд гилбэр нь тойрсон цэцгийн дэлбээ хэлбэртэй суурь /цар/-тай байна. Уг суурь болон титмийн туурга, гилбэрийн галын дүрсийг монгол дарханы аргаар алтдаж шармалджээ.
Төрийн туг нь шаргал хээтэй цагаан хоргойгоор хийсэн 4 хэлт манжлага бүхий бүслүүртэй байх ба бүслүүр, хэлийн уулзвар бүр дээр зэс хөөмөл дугуй толь байрлуулна.
Их цагаан тугны гилбэрийн өндөр 58,5 см, галын дүрсний өргөн З6 см, гилбэр сэсмийг холбосон 4 ширхэг ган гархины өндөр 9,5 см, өргөн 7,5 см байна. Титмийн оройд тэнцүү хэмжээтэй 8 ширхэг цэцгийн дэлбээ байна. Их цагаан тугны титмийн туурганы өндөр 10,5 см, дээд, доод хажлаганы өргөн тус бүр 1,З см, товрууны тойргийн голч нь 3,5 см, 4 хэлт манжлаганы урт 81 см, манжлаганы үзүүрийн улаан хүрэн өнгийн молцогны урт 18 см, манжлаганы хэл тус бүрийн дээд хэсгийн өргөн 7,5 см, үзүүр хэсгийн өргөн 10,5 см, бүслүүрийн өргөн 7,5 см, манжлага бүслүүрийн хүрэн улаан өнгөт эмжээрийн өргөн 1,0 см, хэл, бүслүүрийн уулзвар дахь зэс хөөмөл толины тойргийн голч нь 9,0 см хэмжээтэй байна.
Хөл тугны гилбэрийн өндөр З1,0 см, титмийн туурганы өндөр 9,0 см, дээд, доод хажлаганы өргөн тус бүр 1,0 см, товрууны тойргийн голч нь 2. 5 см, 4 хэлт манжлаганы урт 61,0 см, манжлаганы хэл тус бүрийн дээд хэсгийн өргөн 6,5 см, үзүүр хэсгийн өргөн 9,5 см, бүслүүрийн өргөн 7,0 см, манжлага, бүслүүрийн хүрэн улаан өнгөт эмжээрийн өргөн 0,5 см, хэл, бүслүүрийн уулзвар дахь зэс хөөмөл тольны тойргийн голч нь 7,0 см хэмжээтэй байна.
Төрийн тугны ишийг хус модыг хатааж, тосонд чанаж өнгөлж хийнэ. Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна. Тугны сууринд тусгайлан бэлдсэн металл бортогонд нийслэл хот, 21 аймгийн хөрсний дээжийг хийж байрлуулсан нь энэ туг Монгол Улсын нутаг дээр байрлаж байгааг илтгэнэ.
Төрийн тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална. Төрийн тугийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Төрийн тугийг цэнгүүлэх, хүндэтгэн залах журмын дагуу хийж гүйцэтгэдэг болно.
Хүндэтгэлийн өргөө гэр
Энэхүү цогцолборт байгуулагдсан дахин давтагдашгүй онцгой байгууламж бол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм. Хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиожээ. Уг өргөө гэрийн эх загварыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Төртогтох зохиож, архитекторч, интерьер дизайнер, түүх угсаатны зүйн зөвлөх, уран бүтээлчдийн хамтарсан баг зураг төслийг нь гаргасан байна.Хоймор- Гэрийн хойморт Их эзэн Чингис хааны шүтээн зургийг байрлуулан зандан мод, эрдэнийн чулууг хослуулан сийлж, урлан бүтээсэн гол шүтээний хэсэг байна. Гол шүтээний зүүн, баруун талд монгол түмний шүтээн болсон Нууц товчоо, Үндсэн хуулийн эхийг байрлуулсан. Түүний өмнө төрийн тэргүүн нарын уулзалтын ширээ, төрийн алтан соёмбот сэнтий суудал тэргүүтнийг хаш эрдэнийн чулуугаар урлаж, алт, мөнгө, хатуу модоор чимэглэжээ.
Хүндэтгэлийн өргөө гэр- Төв хэсэгт гал голомтын өр, бэлгэдлийн хээ угалзаар чимэглэгдсэн тэг дөрвөлжин тавцан суурин дээр төрийн ган тулгыг байрлуулж, тулганы ар талд хаш эрдэнийн чулуу, алт, мөнгө, бусад үнэт материалаар чимэглэж хийсэн өр буюу түсэргэ байна. Өргөөний баруун, зүүн жигүүрт тус тус зочин гийчин тухлан суух зандан мод, алт мөнгөөр чимэглэсэн сэнтийт суудал байрлана.
Тооно, дээвэр ба тойруулга- Тус өргөөнд саатан морилогчдын харааны төвд илхэн тусах тэнгэр язгууртны удамт төрийн есөн их билгээр дүрслэн алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимэглэн, үнэт модоор урлан бүтээсэн тооно харагдаж, түүний голд байрлах алтан чимэглэл бүхий болор чулуун хийц, хэлбэр төгс төгөлдөр гэрэлтүүлэг болон тоононоос салбарлах эрдэнийн хээ угалз бүхий унь, монгол уран барилга гэрийн хийц хэлбэрийг тодотгосон учир төгс хээгээр чимэглэгдсэн дөрвөн халз, түүнийг дагасан найман чимэглэлийн дүрсүүд хана руу бууж, ханын дээд толгойд эртний монголчуудын билгэдэл шонхор шувуу бусад хүчирхэг амьтан араатан болон бусад сийлбэрийг алтдаж өнгөлсөн байх ба түүний доод хэсэгт цагаан мөнгөөр зурвас үүлэн хээг цутгаж хөөж бүтээсэн байна. Гэрийн нийт тойрог ханыг хатуу хүрэн зандан модоор мөнхийн бэлгэдэл түмэн насан хээг битүү сийлж урласан нь монгол төр түмэн үүрд мөнх цэцэглэн бадрахын билэг тэмдэг болгосон байна.
Үүд- Энэхүү өргөө гэрийн үүдэн хэсэгт төрийн соёмбот эрдэнийн чулуун чимэглэлт хоёр хавтас бүхий эрдэнийн чулуун чимэглэлтэй эрдэнэ цогцлуулан бүтээсэн хаалга нь монголчуудын гайхамшигт хүндэтгэлийг илэрхийлнэ. Түүний доод хэсгээр үргэлжлэх хормойн хэсгийг бат бөх суурь, газар, ус тэргүүтнийг бэлгэдсэн байгалийн дүрслэлт хээ угалзаар төгсгөж хатуу зөөлөн хоёр төрлийн материалыг холбож өгсөн. Зочид гийчдийн өлмий дор орших утга учир бүхий угалз хээгээр чимэгдэгдсэн уламжлалт зөөлөн тансаг ширмэл ширдэг буйг харж, дээш дахин харваас алтан хөмрөгт халз, унийн завсраар дорнын тансаг торгомсог бүс харагдаж байгаа нь бүхэлдээ л хатуу зөөлөн зохилдсон эрхэм тансаг монгол ордны шинжийг агуулсан байна.
Хан төрийн долоон эрдэнэ
1919 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг зарлан тунхаглах үед Хаант төрийн ордонд залж байсан уламжлалыг сэргээж Д.Баяндалайн санаачилгаар нэрт зураач Н.Лхагвасүрэнгийн удирдлагаар бүтсэн “Төрийн долоон эрдэнэ” хэмээх 18 метрийн урт, 1,5 метр өндөр хосгүй нандин бүтээлийг 1998 онд Төрийн ордонд байрлуулжээ. Уг бүтээлд нүүдэлчин монгол ахуйн нэг өдрийн амьдралын 108 үйл явдлыг 999 хүнтэйгээр харуулжээ. Зурагт 1996-2000 оны УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, олны танил хүмүүсийн зургийг уран сайхны аргаар дүрслэн харуулсан гэдэг. “Төрийн долоон эрдэнэ” нь хүрд, чандмань, хатан, түшмэл, заан, морин, баатар эрдэнэ болно.Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг
Төрийн ордонд Монгол улсын Ерөнхий сайдаар 1918 оноос эхлэн ажилласан хүмүүсийн хөргүүдийг байрлуулсан байдаг. Урлаг судлаач О.Сосорын тодорхойлсноор зарим хөргийн тухай дурьдвал:
- Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ч.Өлзийхутагийн зурсан Х.Чойбалсангийн хөргийг зөөлөн дулаан өнгөнд захируулан үндэсний ёс заншлыг дээдлэн хүндэлдэг хүн байсныг, Ю.Цэдэнбалын хөргийг үйл ажилтай холбон маш их хөдөлмөрч хүн байсныг харуулжээ.
- Дүрслэх урлагийн дунд сургуулийн багш Ч.Хүрэлбаатарын зурсан П.Гэндэн, Д.Бямбасүрэн нарын хөргийг сонгодог аргаар нүүрэн дээр нь гэрэл өгөх аргыг ашигласан тухайн хүмүүсийн мөн чанар, зан чанарыг илрүүлэх боломж олгожээ.
- Монгол Улсын төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн зурсан Ж.Батмөнх, Д.Содном нарын хөрөгт тухайн дүрүүдийн гадаад төрхийг сонгодог, сүрлэг “Хэллэгээр” чадварлаг бүтээн харуулжээ.
- Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Энхжингийн зурсан А.Амарын хөрөг нь тухайн хүний оюуны их чадавхи, өндөр соёл, ёс суртахууныг тод харуулж чадсан ажээ.
- Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн багш Н.Орхоны зурсан Ж.Гунгаадорж, Жигжиджав нарын хөргийг сонгодог арга барилаар зурсан ба тэдний дотоод ертөнцийг нээн харуулах зорилгодоо хүрсэн ажээ.
- Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Р.Дуйнхоржавын зурсан “Жасрай, Бодоо нарын хөргийг сонгодог аргаар зурсан ба өнгийн тавилт, бичлэг зэргээрээ чадварлаг болсон байна.
- Монголын Улсын төрийн соёрхолт ардын зураач Н.Чүлтэмийн зурсан Жалханз хутагт Дамдинбазарын хөргийг бүтэн биеэр нь ёслолын хөрөг бүтээх аргаар зурснаар тухайн үеийн төрийн түшээ хүний байр байдал, өмсгөл зүүлт, намба байдлыг бүрэн дүүрэн харуулан улмаар түүхийн болоод угсаа судлалын өндөр ач холбогдолтой бүтээл болсон ажээ.
- Хичээнгүй сайд Цэрэндоржийн хөргийг олны танил болсон цагаан малгайтай нь зурсан нь тухайн хүний зан байдлыг гаргахад түлхэц болсон ба түүний харцаар алсын бодолтой няхуур хүн байсныг үзүүлж чаджээ.
- “Зураг урлан” компанийн зураач Ц.Наранжавын зурсан Монгол Улсын анхны ерөнхий Сайд ноён хан Т.Намнансүрэнгийн хөргийг тухайн үеийн төрийн түшээ хүний намба байдал, өмсгөл зүүлтийг түүхийн болон угсаатны судлалын үүднээс бодолцон бүтээсэн ажээ.
Төрийн тамганы хөшөө
Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдхүүн хэсэг болгон “Монгол төрийн тамганы хөшөө”-г Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Энэхүү хөшөөний эх загварыг “Зураг урлал” компаний зураач Д.Наранжав зохиожээ. Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээжээ. Уг хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын, 1924 онд баталсан Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол улсын төрийн тамгыг байрлуулжээ. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдлэж ирсэн монгол олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байна.