Цэс

Холбоо барих

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээс Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2017.09.10) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон юм.

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөгч захирагч болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж шинэ Засгийн газар бүрдэж, төсвийн тодотголоо нарийвчлан авч үзсэний дараа оруулж ирж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурийг тус намын бүлэг барьж байгааг онцлоод энэ шаардлагын үүднээс ажлын тав хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хүсэлтийн дагуу ажлын тав хоногийн завсарлага өгч буйг мэдэгдээд энэ хугацаанд төсвийн тодотголтой холбоотой асуудлаа өөр өөрийн байгууллагын хүрээнд нарийвчлан авч үзэж холбогдох саналаа боловсруулж танилцуулахад бэлэн болгохыг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох албан тушаалтнуудад  үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл