Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг сонгох тухай, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав нарыг тус тус сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Мөн дугаарт, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, чөлөөлөх тухай, Анхдугаар чуулганыг товлон зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ”-ний зарим бүлэгт заасан зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоожээ. Энэ тогтоолын хавсралтад, бүлэг, зүйл, үндэсний кодоос гадна импортын зарим барааны бичиглэл, одоо мөрдөж буй албан татвар, албан татварыг нэмэгдүүлэх хувь хэмжээг хүснэгтлэн гаргасан байна.
Засгийн газрын тогтоолоор, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журмыг баталжээ. Эдгээр журмаар, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн удирдлага, зохион байгуулалт ямар байх, сангийн хөрөнгө ямар эх үүсвэрээс бүрдэх, ямар зориулалтаар зарцуулах, сангийн төсвийг хэрхэн хуваарилах, зарцуулалтаа хэрхэн тайлагнах зэрэг асуудлыг нарийн журамласан байна.Түүнээс гадна Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг хэрхэн тогтоох, тооцох, дэмжлэгийг хэрхэн олгох зэрэг асуудлыг журамтай болгожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.