Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.14/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгтэй байгаагаа тэмдэглэлээ. Өнгөрсөн хугацаанд БНСВУ, Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж ирсэн бөгөөд ирэх жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдтай санал солилцсон болохоо дуулгалаа. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр улс идэвхтэй ажиллан, өргөн хүрээтэй хамтран ажиллах бололцоо байгааг Ерөнхий сайд Нгуен Суан Фук онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаар мэдээлэл өгөв. 2016 оны 06 дугаар сард Монгол Улс анх удаа Улсын Их Хурал болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулсан. Монгол Ардын Нам энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд Улсын Их Хуралд 66 суудал авсан тул ирэх 4 жилийн хугацаанд төр засгийн эрхийг барьж үйл ажиллагаа явуулах юм. Ингэхдээ БНСВУ-тай харилцаж байсан уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны байр суурь хэвээрээ үргэлжилнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Парламентын бүлгүүд болон хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг илүү нягт өргөжүүлэн, ингэснээр хоёр орны харилцааг хөгжүүлэхэд эрх зүйн талаасаа дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоог эрэлхийлэн парламент хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх нь зүйтэй хэмээн хэлсэн юм.
Уулзалтын үеэр талууд олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.