Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.02.21/



“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12.00 цагт 401 тоот өрөөнд хуралдав.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, БОХХААБХ-ны ажлын албаны ахлах зөвлөх Д.Энхбат, Референт Б.Баярмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Төрбаяр, ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргал, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Товуудорж, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга Ц.Баярбат, Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын мэргэжилтэн Б.Анхзаяа, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Тамир, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Лхамжав, Хүн ам, нийгмийн хамгааллын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Алтантуяа, “Цэнгэг усны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Д.Доржсүрэн нар оролцов.

Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан ажлын хэсгийн гишүүдийн саналыг нэгбүрчлэн сонссон бөгөөд Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийн төсөл дэх давхцал, хэл найруулга болон тоо баримтыг цэгцлэх, ажлын хэсгийн гишүүдийн гаргасан бүтээлч санаануудыг авах боломжтой бөгөөд энэхүү 2 баримт бичгийг нэгтгэхгүйгээр өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд нь хэлэлцээд явах нь зөв гэсэн саналыг хэлсэн бөгөөд ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн ахлагчаар Т.Булганыг томилж, ажлын хэсэг дээр гарсан саналуудыг нэгтгэн, зангидаад явахыг үүрэг болгов.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл одоогийн байдлаар батлагдаад байгаа 360 гаруй бодлого, хөтөлбөрүүдэд нийтлэг байгаа тоочдог, дурддаг, идэвхгүй, тунхаглалын шинжтэй хэлбэрээс зайлсийж хэв загварыг өөрчлөн 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр /action/ болгон хэв загварын тал дээр анхаарах, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалтын хүрэх түвшин, тоон зорилтуудыг төсөлд суулгаж, хэмжих хэмжүүрийн систем ямар байхыг тусгах, ногоон татвар, ногоон ажлын байр, тогтвортой, хариуцлагатай уул уурхайн асуудлуудыг тодорхой болгох зэрэг саналуудыг хэллээ.

Хуралдаан 13.00 цагт өндөрлөв.

Тойм бичсэн референт Б.Баярмаа

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл