Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай, Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай,Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Тухайлбал, Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар, Нанзаддоржийн Лүндэндорж, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Оросоогийн Зандраа, Пүрэвсүрэнгийн Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр тус тус томилсноос гадна Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд зарим хүмүүсийг тус тус томилсон зарлигийг нийтлэв.
Мөн дугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Дээрх хуулиуд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ. Гэвч энэ нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байх бөгөөд Улсын Их Хурал хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хийдлийг арилгах боломжтой юм гэж Үндсэн хуулийн цэц үзээд дээрх хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.