Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 19 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Органик хүнсний тухай хуулийн зорилт нь хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Энэ хууль нь хөдөө аж ахуйн гаралтай органик хүнс болон боловсруулаагүй түүхий эд, бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн органик хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарах ажээ.

Хуулиар, органик үйлдвэрлэлд ямар зарчмыг баримтлах, органик үйлдвэрлэлийн шилжилтийн үе ямар байх, органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, тэдэнд тавих шаардлага, органик үйлдвэрлэлийн болон органик хүнс, тэжээл, бордооны баталгаажуулалтыг ямар байгууллага гүйцэтгэх, органик үйлдвэрлэл, органик хүнсэнд хэн, хэрхэн хяналт тавих зэрэг асуудлыг зохицуулсан байна.

Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

Мөн дугаарт, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Тус тогтоолд, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт, цаашдын төлөв байдал, аюулын үнэлгээний судалгаа болон мониторингийн ажлыг өргөжүүлж эрчимжүүлэх, томоохон хот, суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж гүйцэтгэх  зэрэг  арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгажээ.

Эмхэтгэлд, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийн тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн  талаар авах зарим арга  хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор тус төвийн үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах ажээ. Нэгдсэн төвийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, үзүүлэх үйлчилгээний төрөл, үе шат, үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх журам, хүсэлтийг буцаах нөхцөл, хүсэлтийг шийдвэрлэх, хариу өгөх журам, нэгдсэн төвөөс үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд тавих хяналт зэрэг асуудлыг нарийвчлан журамласан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл