Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүнчлэн Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилсон юм.
Ийнхүү уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар ажил хүлээлцэн, тамгаа шилжүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байлцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.