Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.08.11/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Мурат Карагөз УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр орон болоод парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Элчин сайд Мурат Карагөзтэй уулзаж буйд баяртай байна гээд Монгол, Турк хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны парламент, түүний дотор Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа зохих хувь нэмрээ оруулж, цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэх боломж, бололцоо байгааг хэллээ.
Тэрээр, парламент болон тэдгээрийн Тамгын газрын түвшинд харилцан айлчлалууд тогтмолжиж, бие биеийнхээ туршлагаас хуваалцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколын ач холбогдлыг цохон тэмдэглэж, энэхүү протокол нь парламентын Тамгын газрууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчинг бататгасан чухал баримт бичиг болохыг дурдан, протоколд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхэд Туркийн тал идэвхи зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийлэв. Түүнчлэн 2009 онд байгуулагдсан хамтын ажиллагааны протоколд тусгагдсаны дагуу цахим парламентыг бэхжүүлэх ажлын хүрээнд туркийн тал Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-ын санхүүжилтээр “УИХ-ын цахим номын сан”, “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” гэсэн төслийг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэнд баяртай буйгаа уламжлав.
Элчин сайд Мурат Карагөз хэлэхдээ, өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр улсын хооронд олон чухал айлчлалууд харилцан хийгдсэн болохыг дурдаж, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага цаашид ч хамтран ажиллах болно гэлээ. Тэрээр, хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд Монгол Улсын Их Хурал дахь Турк, Монголын найрамдлын бүлэг байгуулах хүсэлтэй байгаагаа дуулгахын зэрэгцээ БНТУ-ын Үндэсний Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээг уламжилснаар энэхүү уулзалт өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.