Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.03/ хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.
Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн 42.3-т Улсын Их Хурлын Тамгын газар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гарсан саналыг тусгаж, төсвийн эхний хувилбарыг Улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ гэж заасан. Уг саналаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх үүрэгтэй. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны төсөв улс орны санхүү, төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж 2016 оны төсвийн төслөөс нийт дүнгээр 13390.6 сая төгрөгөөр буурч, 18637.3 сая төгрөгөөр батлагдсан. Иймд төсөв хүрэлцэхгүйд хүрч байгаа учраас Улсын 2016 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын урсгал төсвийг 2460.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна” хэмээн танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тэвчиж болох зардлуудаа танах, зарим саналыг 2017 оны төсөвт суулгах боломжтой эсэх талаар асууж тодруулав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон одоогоор төсөвт ямар ч мөнгө байхгүй учраас зайлшгүй шаардлагатай байгаа мөнгөө оруулж ирсэн хэмээн хариулав.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан 2016, 2017 оны төсөв хүнд байх тул Улсын Их Хурлын Тамгын газар бусад байгууллагуудад зөв жишиг тогтоох ёстойг сануулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналын төслийг 2014, 2015 оны төсвийн бодит гүйцэтгэлийн тоон үзүүлэлттэй харьцуулан, саналаа гишүүдэд танилцуулах хэрэгтэй хэмээн санал хэлэв.
Ингээд саналт хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж, Сангийн яаманд хүргүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд даалгав.
Үүний дараа Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэв. Танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төсвийг боловсруулахдаа 6 зарчим баримталсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын үйл ажиллагаа хэвийн явуулах, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц байх, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн талаар байнгын хороо бүрээс санал авч тусгах, орон тоо, цалингийн хэмжээ, хоол унааны зардлыг мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд тооцох гэх зэргээр боловсруулсан байна.
Мөн тэрээр, “УИХ-ын 2017 оны төсвийн хязгаарыг Засгийн газрын 2016 оны 346 дугаар тогтоолоор 14616.8 сая төгрөгөөр баталж ирүүлсэн бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс нийт дүнгээр 8979.4 сая төгрөгөөр, 2016 оны батлагдсан төсвөөс 4020.5 сая төгрөгөөр буурсан. УИХ-ын 2017 оны төсвийн төслийг нийт дүнгээр 27348.0 сая төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 3715.8 сая төгрөгөөр, 2016 оны төсвөөс 8710.7 сая төгрөгөөр, Засгийн газраас баталж ирүүлсэн төсвийн хязгаараас 12731.2 сая төгрөгөөр өсч байгаа” гэж танилцуулав. Танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.