Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул хууль, тогтоолын төслүүдийг нэгбүрчлэн батлах санал хураалтыг явуулсан юм.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг гишүүдийн олонхи дэмжиж баталлаа. Эдгээр хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд 13 яам үүнээс ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 7 яамтай, бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдыг оролцуулаад 16 сайдтай ажиллахаар болж байгаа юм.
Засгийн газар энэ хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулсан арга хэмжээнүүдийг яаралтай авч бэлтгэл хангах нь зүйтэй гэдгийг хуралдаан даргалагч санууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.