Цэс

Холбоо барих

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг Анхдугаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах шаардлагатай байгааг байнгын хорооны хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэллээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Д.Хаянхярваа нар Худалдан авах ажиллагааны газрыг Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулахаар гаргасан санал нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэнийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулах нь зүйтэй гэж үзэж буй үндэслэлээ тайлбарласан юм. Иймд дэгийн хуулийн дагуу нэр бүхий гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэхийг дэмжих эсэх талаархи горимын саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэрийг Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яам гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Горимын саналууд дэмжигдээгүй учраас нэр бүхий гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгах шаардлагагүй гэж үзлээ.

Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийж эцэслэн батлах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл