Цэс

Холбоо барих

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олонд-
 
2016.07.21
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үе үеийн ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа хамт олон та бүхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
 
Танай хамт олон өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо аюулгүй байдал, амгалан тайвны манаанд цуцалтгүй зогсож, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг хангахын төлөө төрийн өмнө хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ өнгөрсөн хугацаанд амжилттай биелүүлсээр ирлээ.
 
Түүхэн ойгоо та бүхэн амжилт, ололтоор дүүрэн угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
 
Төрийн тусгай албаны нэгэн хэсэг болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өмнө хийж бүтээх арвин ажил, үүрэг зорилтууд ч хүлээж байгаа.
 
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын Их Хурлаас шинэчлэн батлагдсан хууль сахиулах ажиллагааны талаарх багц хуулиудыг амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох шаардлага тулгарч байна.
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа байнга төгөлдөржин, иргэдийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль ёсыг сахиулахад чиглэгдсэн төрийн бодлогын хэрэгжилт, үр нөлөө нь Та бүхний үйл ажиллагаанаас харагдаж, ард олонд мэдэгдэж байх ёстой.
 
Хууль тогтоомж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, шударга ёсыг баримталсан эрх зүйт нийгмийг цогцлоон бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг бахархан тэмдэглэж, цаашид ч энэ чиглэлээр ихээхэн шинэчлэл хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
 
Түүхт 95 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА          Миеэгомбын ЭНХБОЛД
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл