Цэс

Холбоо барих

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.07.20/ хуралдаан 21 цаг 20 минутад үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаар танилцуулга хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эдгээр хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өнөөдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд;

  2. Монгол Улсын Шадар сайд;

  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

  5. Гадаад харилцааны сайд;

  6. Сангийн сайд;

  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд;

  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

  9. Батлан хамгаалахын сайд;

  10. Барилга, хот байгуулалтын сайд;

  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

  12. Зам, тээврийн сайд;

  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

  15. Эрчим хүчний сайд;

  16. Эрүүл мэндийн сайд.

Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн гэсэн чиглэлийн яамдтай байхаар тусгасан байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаархи саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйтай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулснаа Ерөнхий сайд танилцуулав. Уг тогтоолын төслөөр шинэ Засгийн газар нь тохируулагч 10, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 27 агентлагтай ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь салгаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгох, Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх, шинээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулахаар зохицуулжээ.

Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар Ерөнхий сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Нямдорж нар саналаа хэллээ.

Ингээд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл