Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо зарим албан тушаалтны томилгооны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

А.Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томилохыг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.07.29/ Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай УИХ-ын даргын саналыг хэлэлцлээ.

Нэр дэвшүүлэх тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. Тэрбээр Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Үндэсний статистикийн хорооны даргад Аюушийн Ариунзаяаг нэр дэвшүүлж буйгаа уншиж танилцуулав.

А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2005-2015 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ. Нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь А.Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томилохыг дэмжсэн юм.

С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилохыг дэмжив

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх тухай УИХ-ын даргын саналыг хэлэлцэв. Тус хорооны даргаар Содномдаржаагийн Даваасүрэнг нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.

С.Даваасүрэн нь 1991-1995 онд МУИС-ийг төгсөж, 1995-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, 1999-2001 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд мастер, 2005-2011 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. АНУ, Англи, Югослав зэрэг орнуудад мэргэшил дээшлүүлсэн байна.

Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд гишүүд 100 хувь С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилохыг дэмжсэн юм.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хорооны орон тооны гишүүн Э.Батболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох хуульд заасны дагуу Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр нэр дэвшүүлэх саналыг оруулав. Нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцуулав.

Д.Баярсайхан нь 1993-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд төрийн санхүүгийн удирдлагаар мастер хамгаалжээ. Улмаар АНУ, Итали, Люксембург зэрэг орнуудад мэргэшил дээшлүүлсэн байна.

Тэрбээр 1997-1998 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтэст мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн-Аюуш” ХХК-д захирал, 2005-2012 онд Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч, 2012 оноос Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Б.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилохыг дэмжсэн юм.

О.Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

О.Эрдэмбилэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, улмаар 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ.

Тэрбээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2004-2005 онд МУИС-д багш, 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ. Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Сумьяабазар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь О.Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл