Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар П.Сэргэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохыг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр /2016.07.29/ 18.27 цагт 54.5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав даргалсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилуулахаар нэр дэвшүүлж буйг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Байнгын хороодын хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.
П.Сэргэлэн нь 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баделхан, Х.Болорчулуун, А.Сүхбат, Б.Батзориг, Я.Содбаатар, Д.Сумьяабазар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95 хувь нь П.Сэргэлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохыг дэмжлээ.
Эдийн засгийн байнгын хороо Барилга, хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 19.01 цаг 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэв.
Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ. Мөнхбаяр нь 1989 онд ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Барилга, дулаан хангамжийн мастер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй юм байна.
Тэрбээр 1989-1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Туршилт, тохируулгын ангид инженер, 1990-1991 онд Найрамдлын районы 6 дугаар конторт инженер, 1991-2004 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт техникч, инженер, ерөнхий инженер, дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий менежер 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж ирсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Г.Мөнхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Пүрэвжавын Ганхүүг томилуулахаар нэр дэвшүүлж буйг танилцуулав.
П.Ганхүү нь 1976 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн магистр. АНУ, Япон Улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн байна.
Тэрбээр 1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд МУИС-д “ТАСИС” төслийн зөвлөх, 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажиллажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Х.Болорчулуун, З.Нарантуяа нар асуулт асууж, үг хэлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь П.Ганхүүг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар томилохыг дэмжсэн юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.07.29/ хуралдаан 19 цаг 26 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхлэв.
Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хийв.
Аюушийн Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой. Тэрбээр, 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд Тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. 2003 оны 05 дугаар сараас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ё.Баатарбилэг, А.Ундраа, С.Чинзориг, Н.Учрал, Л.Энх-Амгалан нар эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хөлс, эмийн зохистой хэрэглээ, эрүүл мэндийн салбарын менежмент, эрүүл мэндийн даатгалын талаар асуулт асууж, саналаа хэлсэн.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр нэр дэвшигч Аюушийн Цогцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.