Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийг тус тус нийтэллээ. Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 7 яамтай байхаар Засгийн газрын бүтцийг баталжээ.
Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, тухайлбал, Дэд сайдын бүрэн эрх гэсэн зүйл нэмж, Засгийн газрын бүтцэд ажиллах яам, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрах асуудал, Засгийн газрын гишүүний эрхлэх бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх хүрээг нарийн зохицуулж өгсөн байна.
Эмхэтгэлд энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх бусад хуулийг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, мөн Цэдэвийн Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.
Үүнээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай, Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо , бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталжээ. Түүний хавсралтад, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон сайд нарын эрхлэх асуудлын хүрээ, харьяаллыг тогтоож өгсөн байна.
Эмхэтгэлд, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Дипломат дээд цол хүртээх тухай, Монгол Улсын цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Түүнчлэн “Сайн оюутан” хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь дээд боловсролын байгууллагад суралцаж байгаа оюутны хариуцлагыг дээшлүүлж, түүний өрсөлдөх чадвар, сурах бололцоог нэмэгдүүлж, оюутны сургалтын төлбөрийн зээлийн нөхцөлийг сайжруулахад оршиж байгаа ажээ. Энэ хөтөлбөрт, тухайлбал, оюутны сургалтын төлбөрийн зээлийн нөхцлийг ямар байдлаар сайжруулах, төлбөрийн зээл олгох журам тогтооход ямар зарчмыг баримтлах, зээлийн нөхцөл боломжийг дэмжих хүрээнд ямар арга хэмжээ авах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар зарчмыг баримтлах зэргийг тогтоож өгсөн байна.
Тогтоолоор, мөн хөтөлбөрийн зээлийн ерөнхий журмыг баталжээ. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн, өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн зээл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар журамлажээ. Журмын хүрээнд 3 төрлийн зээлийг олгох, зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, дахин санхүүжилтийн, богино хугацаатай, урт хугацаатай зээлийн нөхцөл, шаардлага ямар байх зэрэг асуудлыг журамласан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.