Цэс

Холбоо барих

Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын нар өнөөдөр /2016.07.28/ Улсын Их Хурлын Тамгын  газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах арга хэмжээний дараа зочид, төлөөлөгчид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн ”Цахим парламент" төсөлтэй танилцсан юм. Эхлээд Төрийн ордны зүүн жигүүрт байрлах парламентын сэтгүүлчдийн өрөө, техникийн удирдлагын төвөөр зочилж, дараа нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон цахим системийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад техник, технологийн орчин үеийн ололтыг тусгасан программ хангамж, дуу, дүрсний систем бүхий хуралдааны иж бүрэн цахим системийг шинээр суурилуулсан юм. Тухайлбал, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд ашиглах Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд бүрэн нийцсэн программ хангамж, техникийн өндөр үзүүлэлт бүхий тоон системийн нийт 16 ширхэг камер, чадлын өсгөгч бүхий 18 ширхэг чанга яригч, дэлхийн олон орны парламентад ашиглагддаг 230 ширхэг микрофонт гар, чуулганы хуралдааны 5 танхимын дуу, дүрсний удирдлагын систем, чуулганы хуралдааны бие даасан сүлжээ, нөөцлөх төхөөрөмжүүд болон дагалдах техник хэрэгслүүдийг суурилуулсан аж. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг суурилуулснаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд төдийгүй Байнгын, дэд, түр хороодын хуралдаанд цахим системийг ашиглах боломж бүрдэж байгаа аж.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх гэрээг анх 2012 онд үзэглэж, хугацаанаас нь нэг жилийн өмнө буюу 2014 оны 9 дүгээр сард амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл