Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эмнести Интернэшнл” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр (2017.09.21) “Эмнести Интернэшнл” байгууллагын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал Минар Пимпл болон тус байгууллагын Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал Николас Бикүелен нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Минар Пимпл хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт талархал илэрхийлээд гурван асуудлаар ярилцахаар ирсэнээ дуулгасан юм. Энэ үеэр “Эмнести Интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхий дахины хүний эрхийн байдал 2016” судалгааны тайлангаа Д.Цогтбаатарт гардуулж өглөө.


Тэрбээр “Монгол Улс цаазаар авах ялыг халж бүс нутагтаа үлгэр жишээ орны тоонд багтсан нь маш чухал. Энэ ч үүднээсээ цаазаар авах ялыг гүйцэтгэсээр байгаа орнуудад туршлагаасаа хуваалцах, тэдэнд зөвлөгөө өгөх боломжтой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр манай байгууллага ихээхэн өөрчлөгдөж байгаа. Бидний хамтын ажиллагаа зөвхөн судалгаа гаргаж, зөвлөгөө өгөөд зогсох биш илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг дуулгах гэсэн юм. Монгол Улсын тухайд чанартай боловсрол олгох, эрүүл мэндэд анхаарах, ядуурлыг бууруулах, баялгын тэгш хуваарилалтыг бий болгох, иргэдийн хуулийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, орон сууцаар хангах зэрэг өргөн хүрээний асуудлууд тулгарч байгааг дурдах хэрэгтэй. Эдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгоход Засгийн газрын үүрэг оролцоо маш чухал юм” хэмээв.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Зөвхөн нэг судалгаанд суурилж хөгжлийн бодлогыг тодорхойлж болохгүй, олон талаас нь судалж байж чанартай бодлого төрнө. Манай улс олон саад бэрхшээлтэй тулгардаг ч ололттой зүйлс ч бий. Бид асуудлыг хойшлуулаад байвал асуудал хэвээрээ л байна. Иймээс цаг алдалгүй асуудалтай нүүр тулж ажиллах нь чухал. Ер нь Монгол Улс туршилтын үедээ явж байна. Үүнийг даван гарахад та бүхний хийж хэрэгжүүлэх ажил чухал учраас цаашдаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллаасай гэж хүсч байна” гэлээ.

Дараа нь талууд бусад асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцсоноор уулзалт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл