Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монгол орны бэлчээрийн үндэсний форум”-д оролцлоо

Бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглах, хариуцлагаа өндөржүүлэх талаар малчид, салбарын мэргэжилтнүүд хамтран асуудлаа ярилцаж, шийдвэрлэх арга зам хайх зорилго бүхий "Монгол орны бэлчээрийн үндэсний форум"-д өнөөдөр (2017.09.27) УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн оролцлоо. "Төрөлх нутаг бэлчээрээ хайрлацгаая" уриан дор зохион байгуулагдаж буй уг форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна.

Уг форумд аймаг, орон нутгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч, аймаг сумын бэлчээр ашиглагчдын холбоо, малчид зэрэг 80 гаруй хүн оролцож, харилцан туршлагаасаа хуваалцаж байгаа аж.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн форумыг нээж хэлсэн үгэндээ бэлчээрийн доройтлыг хязгаарлахын тулд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг чухал бөгөөд эдгээр асуудлыг зохицуулсан Бэлчээр хамгаалах тухай бие даасан хуультай болох шаардлагатайг онцолсон юм.

Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ “Энэ удаагийн форумын үеэр бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэхийн тулд малчид өөрсдөө юу хийх, салбарын байгууллагууд бодлогын түвшинд тэднийг хэрхэн дэмжих талаар хамтдаа ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх юм. Өөрөөр хэлбэл, малчид, судлаач, мэргэжилтнүүд мэдээлэл, туршлагаа хуваалцаж, солилцохын сацуу бэлчээрийг зүй зохистой ашиглах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр гаргасан эрдэмтэн, судлаачдын шинэ бүтээл, технологитой танилцаж буйгаараа онцлог болж байна” гэлээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумын үеэр Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг малчдад танилцуулж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна. Үүний дараа хуулийн төслийн талаар шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл