Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан нэгдсэн сургалтыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулан ээлжит нэгдсэн сургалтыг өнөөдөр (2017.09.26) Төрийн ордонд зохион байгуулав.

Нэгдсэн сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад эрэлт хэрэгцээтэй байгаа мэдээ, мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах төлөвлөгөөг гаргаж Та бүхний мэдвэл зохих тэр чиглэлийн сургалтыг зохион байгуулж байхаар бид шуурхай ажиллаж байна. Хоёр төрлийн хөтөлбөр тараасан байгаа. Нэгдүгээрт, нэгдсэн сургалтыг өнөөдөр зохион байгуулна. Хоёрдугаарт, гарагийн нээлттэй сургалтын хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл долоо хоног бүрийн Мягмар гарагт Та бүхэн манай Тамгын газрын ажилтнуудаас өөрийн ажилтай холбоотой асуудлаар мэдээлэл авах нөхцөл бүрдсэнийг дуулгамаар байна.


УИХ-ын гишүүдэд иргэд, сонгогчдоос олон асуулт ирүүлдэг. Үүн дотор хамгийн түгээмэл нь сургалтын зээлийн асуудал байдаг. Ийм ч учраас өнөөдрийн сургалтаар сургалтын төрийн сангийн зээлийг хэрхэн ямар шалгуураар олгодог, ямар журмаар зохицуулагддаг талаарх мэдээллийг өгөх юм. Энэ хүрээнд БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, тус сангийн Дотоод зээлийн албаны дарга Э.Батсэлэм нар хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна” хэмээв.

Дараа нь “Боловсролын зээлийн сан”-гийн талаар БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, Оюутны хөгжлийн зээлийн талаар Боловсролын зээлийн сангийн Дотоод зээлийн албаны дарга Э.Батсэлэм нар дэлгэрэнгүй танилцуулж, тайлбар өгсөн юм.


Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Төрийн ордны хамгаалалтын алба, Мэдээллийн технологийн хэлтсийн ажилтнууд бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын асуусан асуултад хариулснаар нэгдсэн сургалт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл