Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонслоо


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна.

Өнөөдөр (2019.06.27) УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналыг нь сонслоо.

Энэхүү уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар, зөвлөх С.Энхцэцэг нар оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.



Хэнтий аймгийн бүх сумд “Аравт”-ын системийн нэвтрүүлж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтад Бор-Өндөр сумын 66 аравтын ахлагч, төрийн албан хаагчдын төлөөлөл зэрэг нийт 90 гаруй хүн оролцов. 


Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэн С.Байгалмаа: - Байгалийн баялгийг тэгш, шударга хуваарилж ашиглах зохицуулалтыг тусгасан нь сайн талтай байна. Гэхдээ байгалийн баялгийг ашиглахдаа алсын хараатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуульд тодорхой тусгах байх гэж бодож байна. Мөн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь зүйтэй. Хууль зөрчвөл сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг болмоор байна. УИХ-ын гишүүд хууль батлах үндсэн ажлаа хариуцлагатай хийдэг болохын тулд ядаж 45 гишүүний саналаар хуулийг баталдаг болох хэрэгтэй.         

Бор-Өндөр сумын 5 дугаар багийн иргэн Н.Баатарчулуун: - Үндсэн хуульд сумын хөгжлийн талаар нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй. Газар нутаг багатай, хүн ам цөөн сум олон байна. Цаашид сумдаа энэ байдлаар нь байлгаад байх уу эсхүл нэгтгэж хөгжүүлэх үү гэдгээ тодорхой болго. УИХ-ын гишүүнд тавигдах шалгуурыг илүү өндөрсгөмөөр байна. Парламентад туршлагатай, чадвартай хүн гардаг болмоор байна. УИХ, Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлж байгааг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь УИХ-ын сонгуулийн 40 дүгээр тойрог буюу Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Батширээт, Өмнөдэлгэр сумын иргэдийг УИХ-д төлөөлж байгаа юм. Тэрбээр энэ сарын 21-23-ны өдрүүдэд тойрогтоо ажилласан. Мөн парламентад төлөөлөлгүй болоод байгаа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэдтэй ч уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл