УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өнөөдөр (2019.06.25)-өөс эхлүүллээ.
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван Дэд ажлын хэсэг байгуулсан.
Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд иргэдээс цаасаар, утсаар, цахим хуудсаар ирүүлж байгаа санал нэг бүрийг цахим программд хэрхэн оруулж нэгтгэх, санал, дүгнэлт боловсруулах, зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Тамгын газрын ажилтнуудад мэдээлэл хийлээ.