Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 03 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт,

Агаарын бохирдлыг  бууруулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Тогтоолоор,

·Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийн цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхийг Эрчим хүчний зохицуулах хороонд зөвлөсөн байна.

·Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн горим, найдвартай ажиллагааг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгожээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох тухай журам”-ыг шинэчлэн баталсан байна.

·Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгоход энэхүү журмыг баримтлах юм.

·Сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын 1 болон 2,5 жил, техникийн боловсролын 1,5 болон 3 жилийн сургалтад хамрагдаж байгаа 24 хүртэлх насны суралцагчид  тэтгэлэг олгохоор тогтоожээ.

Түүнээс гадна сургалтын байгууллага нь ямар шаардлагыг хангасан байх,  ямар шаардлагыг хангасан суралцагчид тэтгэлэг олгох зэргийг тогтоосноос гадна санхүүжилт хэрхэн хийгдэх, сургалтын байгууллага ямар баримт бичгийг, ямар хугацаанд хүргүүлсэн байх зэрэг асуудлыг зохицуулсан байна.

            Эмхэтгэлд, “Дотоод аудитын дүрэм”-ийг батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Энэ дүрмээр,

·төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч бүрийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт, дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтарч ажиллахтай холбогдох харилцааг зохицуулжээ.

 Дотоод аудитын үйл ажиллагааны зорилго нь

·Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа ажээ.

Түүнчлэн дотоод аудитын үйл ажиллагаандаа баримтлах зарчим, дотоод аудитын нэгжийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоож өгсөн байна.

Тухайлбал, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг

·хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналт;

·төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал;

·төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал;

·санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал,

·салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал;

·төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын шийдвэрээр тусгайлан явуулах аудит;

·байгууллагын дотоод хяналт, засаглалын байдалд болон холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудитын хүрээнд хийхээр тогтоожээ.

        Тогтоолоор, дотоод аудиторын эрх, үүрэг ямар байх, дотоод аудитын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын ажлын баримт, чанарын баталгаажуулалтыг хэрхэн хангах, хөндлөнгийн аудиттай хэрхэн харилцах, байгууллагын удирдлага, албан хаагчдын үүрэг зэргийг нарийвчлан тогтоосон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл