2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/08 тоот тогтоолоор байгуулагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны хуралдааны “В” танхимд болов.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Ганбат, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Зэвсэгт хүчний жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын ахлах мэргэжилтэн С.Содов, Уул уурхайн яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Болдхүү, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Зууннаст, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч С.Болд, Тагнуулын ерөнхий газрын ажилтан Э.Эрдэмгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтсийн ахлах төлөөлөгч Ч.Алтанхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Л.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх М.Элбэгдорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны референт Г.Нандинцэцэг нар байлцав.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулж, найруулгын шинжтэй саналуудыг танилцуулав.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь Байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Хуралдаан 12.15 цагт өндөрлөв.
Тойм бэлтгэсэн: Шинжээч С.Эрдэнэчимэг