2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/08 тоот тогтоолоор байгуулагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13.50 цагт Төрийн ордны хуралдааны “В” танхимд болов.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Зэвсэгт хүчний жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын ахлах мэргэжилтэн С.Содов, Уул уурхайн яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Болдхүү, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Зууннаст, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч С.Болд, Тагнуулын ерөнхий газрын ажилтан Э.Эрдэмгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтсийн ахлах төлөөлөгч Ч.Алтанхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Л.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх М.Элбэгдорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны референт Г.Нандинцэцэг нар байлцав.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Налайх дүүрэг дэх “Бласт” ХХК-ийн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, “Мера” ХХК-ийн Ан-Фо буюу хүчитгэсэн энгийн найрлагатай тэсрэх бодисын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан тухай товч тайлбар хийлээ. Мөн өмнөх ажлын хэсгийн хуралдаанаар дэд ажлын хэсэгт үүрэг болгосон ажлын талаар дэд ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонсов.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Г.Баярсайхан нар хуулийн төслийн нэгтгэсэн хувилбартай танилцаад, хуулийн заалт тус бүртэй холбогдуулан дэд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, дэд ажлын хэсгийн гишүүн М.Элбэгдорж, С.Содов, С.Болд, Л.Зууннаст нар асуултад хариулж, нэмэлт тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Засгийн газраас болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан 3 хуулийн төслүүдийн ямар зүйл, заалтыг оруулж, ямар зүйл, заалтыг хассан талаарх танилцуулгыг бэлтгэж ирүүлэх, мөн тэсрэх бодисын үйлдвэрүүдтэй дахин танилцахаар болж хуралдаан өндөрлөв.
Хуралдаан 16.40 цагт өндөрлөв.
Тойм бэлтгэсэн: Шинжээч С.Эрдэнэчимэг