"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдөр /2015-12-18/-ийн дугаарт..
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг холбогдох бусад хуулийн хамт нийтэллээ. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд ямар зарчмыг баримтлах, баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран ямар төрөлтэй байх, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хэдэн үе шаттай байх, тавигдах шаардлага, санхүүжилт нь ямар эх үүсвэртэй байх зэргийг тодорхой тусгаж өгчээ.
-Урт хугацааны буюу 15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал,
- Дунд хугацааны буюу 8-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт,
- Дунд хугацааны буюу 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр болон дэд хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр,
- Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, энэ хуулийн 6.5.1-д заасан үндсэн чиглэлд нийцүүлэн боловсруулсан улсын болон орон нутгийн төсөв гэсэн төрлөөс тус тус бүрдэх ажээ.
- Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж. Энэ хуулиар, эрчим хүч хэмнэлтийн талаар төрийн байгууллагууд түүний дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн хэрэгжүүлэх бүрэн эрх, эрчим хүч хэрэглэгчийн эрх, үүрэг, эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ зэрэг асуудлыг тодорхой болгосон байна.
- Мөн дугаарт нийтлэгдсэн Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиар, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай хоёр улсын холбогдох байгууллагын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталжээ.
- Эмхэтгэлд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн бөгөөд тус салбарын хөгжил нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ гэдгийг тус тогтоолоор тодорхойлж өгсөн байна. Үүнээс гадна салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжихдээ ямар зарчмыг, түүнийг хөгжүүлэхэд ямар чиглэлийг баримтлах зэргийг тогтоожээ. Тухайлбал, мал аж ахуйн үйлдвэрлэл, тариалангийн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлсны зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын судалгаа ба хөгжлийн талаар хэрэгжүүлэх зорилтууд, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай зарцуулах, худалдааг хөнгөвчлөх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд тус тус хэрэгжүүлэх зорилтыг тусгасан байна.
- Эмхэтгэлд, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Ерөнхийлөгчийн хоригийн тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.
- Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигаас гадна Гэрээний загвар батлах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.
- Эмхэтгэлд, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.