Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн гурав дахь удаагийн хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09.30 цагт Төрийн ордны “Г” танхимд боллоо.
Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн нар болон Байнгын хорооны ажлын албаны референт М.Отгон нар оролцов.
Ажлын дэд хэсгээс гаргасан Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцэж, хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн экспертийн албанаас гаргасан зөвлөмж болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хүүхдийн ногоон картыг аялуулж, иргэд, олон нийтээс авсан саналыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар харилцан ярилцлаа.
Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагт өндөрлөлөө.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны Ажлын алба