Эмхэтгэлийн
шинэ дугаарт Аж ахуйн
нэгжийн орлогын албан татварын тухай /Шинэчилсэн найруулга/, Хувь хүний
орлогын албан татварын тухай /Шинэчилсэн найруулга/ дээрх хуулиудын хамт
батлагдсан бусад хуулиуд нийтлэгджээ.
Аж ахуйн нэгжийн шинэчилсэн найруулгаар баталсан хуульд бодлогын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг хуульд тусгажээ.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч татварын харилцааг нарийвчлан тогтоож, жилд 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлого олсон аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар, 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн боруулалтын орлого олсон бол албан татвар ногдуулах орлогод төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломжтой болжээ.
Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлж, үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд 1 удаа, 300 сая төгрөг хүртэлх орлоготой бол жилд 2 удаа, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 2 удаа санхүүгийн тайлан гаргахаар болж байгаа юм.
Татвар төлөгчид хуулиар 10, 25 хувиар татвар төлөх ба ингэхдээ татвар ногдуулах орлогын босго хэмжээ 0-3 тэрбум төгрөг байсныг 0-6 тэрбум байхаар нэмэгдүүлэв. Ингэснээр 10 хувиар татвар төлөх татвар төлөгчийн хамрах хүрээг өргөжүүлжээ.
Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох харилцааг шинэчилж, татвар төлөгч тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан 4 жилд салбар харгалзахгүйгээр ирээдүйд шилжүүлэн тооцож болох ба энэ хэмжээ албан татвар ногдуулах орлогын албан татварын 50 хувиар хязгаарлагдах аж.
Зарим төрлийн татварын хувь хэмжээг бууруулжээ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргасан тохиолдолд хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувиар ногдуулахаар тусгасан байна.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ 2006 оны хуулиар эдлүүлж байсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэвээр хадгалах зарчмыг баримталжээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан бол 50 хувиар хөнгөлөлт үзүүлэх болжээ.
Нийслэлээс 500 км алслалттай аймаг, суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ауйн нэгжид алслалт нь 500 км бол татвар ногдох орлогод ногдох албан татварыг 50 хувиар, алслалт нь 1000 км-аас дээш бол 90 хувиар хөнгөлөхөөр заажээ.
Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, байгальд ээлтэй тоног төхөөрөмж борлуулах, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, чөлөөт бүсийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийсэн, усны нөөцийн чиглэлээр хийгдсэн санхүүжилтийн орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр тусгажээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг нэмж тусгасан байна. Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргавал нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх албан татварыг төлж, жилд 1 удаа хялбаршуулсан тайлан гаргах аж.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь зарим тохиолдолд үр ашиггүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх эрсдэлтэй байдаг тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг албан татвар төлөгч татварын тайлангаа гаргаж, төлсний дараа буцаан олгодог байхаар зохицуулсан нь татвар төлөгч илүү хариуцлагатай болох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой болжээ. Мөн амьдран суух зорилгоор анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд үзүүлэх албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 6 сая төгрөгт хүргэхээр болсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.