Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд гаргаж, Төсвийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраар аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамарсан байна.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9 их наяд 345.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1.9 их наядаар давж, нэгдсэн төсвийн зарлага 9.3 их наядад хүрч, төлөвлөсөн дүнгээс 717.8 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагджээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6.8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1.6 их наяд төгрөгөөр давж, улсын төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрсэн нь төлөвлөсөн дүнгээс 528.9 тэрбум буюу 6.9 хувиар бага байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого анх удаагаа 10 их наядыг давж, 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа тохиож байгаа үзүүлэлт аж.
2018 онд төсөв, санхүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, төсвийг тодотгохгүйгээр мөрдүүлж, Заэсгийн газрын дотоод үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулсан жил болсон гэж Засгийн газар үзэж байна.
Түүнчлэн Төсвийн тогтворжуулалтын санд 207.0 тэрбум, Ирээдүйн өв санд 620.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Засгийн газраас эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт 2018 онд сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 6.9 хувьд хүрсэн байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам доллар болж, өмнөх оноос 22.5 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 1.153.7 сая ам долларын ашигтай гарсан байна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2019.06.14