Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2019.07.08/ боллоо.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 05-ны өдөр хуралдан хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үеэр Улсын Их Хурлын гишүүдээс болон Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцэх явцад зарим томьёоллыг нээлттэй үлдээн ажлын дэд хэсгүүдээр дахин хэлэлцүүлэн, санал, дүгнэлттэй танилцахаар тогтсон юм.
Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг өнөөдрийн хуралдаанаараа Төрийн байгуулалтын байнгын хороодын хуралдааны үеэр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нээлттэй орхисон заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын боломжит хувилбарыг боловсрууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахтай холбоотой заалтыг ажлын дэд хэсгийн гишүүд хэлэлцээд боломжит хувилбаруудаар саналын томьёоллууд нэгэнт гарсан учир тусгайлан шийдлийн томьёолол боловсруулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулсан хувилбаруудаар санал хураалт явуулан шийдэх боломжтой гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах процессийг нарийсгаж, Засгийн газрын “танхимаар ажиллах зарчим”-ыг тогтоосон заалттай холбогдуулан гишүүд нухацтай ярилцсаны дүнд ажлын дэд хэсгийн саналын томьёоллыг боловсруулан үндэслэл, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.