Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 06 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.Энэ хуулийн холбогдох хэсгийг,

  • Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана.Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж өөрчлөн найруулжээ.

Мөн дугаарт, Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг буцаах тухай, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн  Улсын Их Хурлын тогтоолоор,

  • Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байхаар,
  • Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 06 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоожээ.
  • Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрч,
  • Аймаг тус бүрийг нэг, нийслэлийг зургаан тойрог болгож Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулж,
  • Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрог болгож.
  • Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрд ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог хавсралтаар тус тус баталсан байна.

Эмхэтгэлд, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв. Энэ тогтоолоор, Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-ын 4.3 дахь заалтыг

  • Орон сууц худалдан авсан төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэн худалдан авсан орон сууцны зээл, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд уг орон сууцыг бусдад худалдах, түрээслүүлэх эрхтэй болно гэж өөрчлөн найруулсан байна.

Эмхэтгэлд, Талбайг нөөцөд авах тухай тогтоолоос гадна Журам, тооны хязгаар батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоог 5 байхаар тогтоосноос гадна

  • Тухайн жилийн дараагийн төсвийн жилд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарыг сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо, шинээр ашиглалтад хүлээн авах цэцэрлэгийн тоо, хүүхэд харах үйлчилгээний төв, зөвшөөрөл авсан хүүхэд харагчийн тоо зэргийг  харгалзан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран жил бүрийн 4 дүгээр сард багтаан батлах.
  •  Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд оногдох  хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж тооцох.
  • Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн дэмжлэгийг тухайн төсвийн жилийн 1-5 дугаар сар болон 9-12 дугаар саруудад шилжүүлж дууссан байхаар тооцож, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төсвийн сар, улирлын хуваарьт тусгахаар тогтоожээ.

Эмхэтгэлд, Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.

  • ·Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгожээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр,

  • Монгол  Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын  2.1.1 дэх заалтад ““нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл