Цэс

Холбоо барих

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ж.Батзандан



Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйл буюу 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч болон тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн өргөн мэдүүлсэн танхимын тэргүүнийг Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно гэж өөрчлөн найруулах, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх ажлыг 2013 оны 01 дүгээр сард багтаан гүйцэтгэхийг Засгийн газарт үүрэг болгосугай.” гэсэн 2 дугаар зүйлийг хасаж, энэ заалтыг Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлбэрээр боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж гишүүдээс гарсан санал тус бүрээр санал хураалт явуулж, олонхийн санал авсан эсэхээр нь бүлэглэн томъёолж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                              Ш.ТҮВДЭНДОРЖ



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл