Ажлын хэсгийн хуралдааны мэдээ
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав.
Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг болон Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Дэмбэрэл, Д.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар оролцов.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг Байнгын хорооны тогтоолыг танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотой асуудлаар саналаа хэллээ.
Мөн ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа саналаа хэлсэн бөгөөд цаашид эдийн засаг, банк санхүү, аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой асуудлыг уялдуулан нухацтай хэлэлцэх үүднээс холбогдох яам, агентлаг бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулсан ажлын дэд хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.